Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход хүмүүс рүү халдах явдал ихсэж байгаа бөгөөд иргэдээс маш их гомдлууд ирсээр байна.
Нохой тэжээж байгаа иргэн таньд дараах арга хэмжээ авагдах болохыг анхаарна уу.
МУ-ын иргэний хуульийн 501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах.
501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн
20.15 дугаар зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн
5.19 дүгээр зүйл.
Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зохих хамгаалалттай байлгах гэдэг нь хушуувч, хүзүүвчтэй байлгах.
Хашаандаа нохой тэжээх тохиолдолд дараахи зүйлүүдийг анхаарахыг зөвлөж байна.
- Өдөр нь нохойгоо сул тавихгүй байнга уяатай байлгах
хаалгандаа нохойтой гэсэн анхааруулга пайзтай болох
- орой 23.00 цаг хүртэл сул тавихгүй байх
- мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
Орон сууцанд тэжээдэг нохойн эздэд мөн дээрхи зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна Гадагшаа гаргах тохиолдолд хушуувч, хүзүүвчтэй авч явахыг анхааруулж байна.